Monday, March 26, 2012

Өрөвдөх үү?!Өөрчлөх үү?!


          Саяхан УИХ-ын гишүүн Х.Баттулгын телевизэд өгсөн шууд ярилцлагыг үзлээ. Баримт гарган нэр бүхий улстөрчдийг хурцаар шүүмжлэх эрхэмийн ярианы төгсгөлд МҮОНТ-ын телевизын сэтгүүлч эмэгтэй төр засгийн удирдлагад байгаа хүмүүсийг “эх”  хүний энэрэнгүй сэтгэлээр өмөөрөв бололтой “яахав дээ адилхан л монгол хүмүүс ш дээ” гэдэг байгаа?. Мань гишүүн хариуд нь “Тэгээд өрөвдөх үү? Хөөрхийдөө нэг шуналтай л монгол доо гэх үү...” хэмээн хариуллаа. Магадгүй энэ хариулт энэ 7 хоногийн хамгийн онцлох хэллэг болох шиг боллоо. Үнэхээр бид толгой дээрээ гаргаад тавьчихсан хэдэн луйварчдаа “өрөвдсөөр” байтал өөрсдөө өнөөдөр хэн болчихоод байгаагаа ухаарах цаг болжээ.

Өрөвдсөөр өөрсдөө өөд болцгоох уу, өөрчлөөд өөдөө гарцгаах уу?
Улс төр,  эдийн засгийн өнөөгийн дүр төрх:
 
   2011 онд Монгол Улсын эдийн засгийн бүхэлд нь авч үзвэл 17,3 хувиар өссөн гэх.Үүнийг дагаад нэг хүнд ногдох ДНБ ч өсч 4000 ам.доллараас давжээ. Цаасан дээр Эдийн Засаг, ДНБ өсөөд байхад амьдрал дээрээ инфляцтайгаа зууралдаад дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш нь унаад, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр өдрөөр өсөөд, ядуурлийн түвшин ихсээд байдаг “гаж тогтолцоо” Монголд л байна. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг тайланд 2011 оны эхээр ядуурал 33 хувь байсан бол оны төгсгөлд 35 хувь болж өсчээ. Дэлхийн банкныхаар бол бүр 37 хувьд хүрсэн байна. Үнэн чанартаа эрх баригчид “эдийн засаг өслөө”, “бид баяжлаа” гээд бахираад байгаагаас бус ачир дээрээ амьдрал өөр байна. Эрх баригчид “Чайлко”-гоос зээлсэн 250, “Айвенхое майнз”-аас урьдчилгаанд авсан 250 сая доллараар “Хүний хөгжил сан”-гийн мөнгө тарааж, тэр нь эдийн засагт шингэсэн учраас л манай эдийн засаг бүхэлдээ том харагдаад байгаа юм. Монгол Улсын эдийн засгийг өөд нь татаж, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмсэн энэ их мөнгөөр ямар ч баялаг бүтээсэнгүй.
 
   Энэ бол товчхондоо “Хөөсөн Эдийн Засаг”. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор зөөж байгаа нь том эмгэнэл юм. Энэ бол үйлдвэр хөгжөөгүйн гайӨнөөдөр иргэд хүний хөгжлийн сангийн дэвтрээ дэлгүүрт барьцаалаад гурил будаа зээлж, архи авч ууж байна. 2011 онд нийт 805.2 тэрбум төгрөгийг халамж нэрээр агаарт цацлаа. Нийгмийн халамж хавтгайрах тусам ард түмэн устаж алга болдог, бодох сэтгэх чадваргүй болдог. Тэгсэн хэрнээ цаасан дээр эдийн засгийн өсөлт 17,3 хувь хэмээн бичиж, бид Монгол орны эдийн засгийг хөгжүүлж чадаж байна хэмээн ичгүүргүйгээр тунхаглах нь хэр “ариун явдал” вэ?Үнэндээ ямар ч мөнгөгүй байгааг нь сонгуулийн өмнө гаргаж ирсэн орон сууцны санхүүжилт гэгчдээ зориулж, 200 сая доллар Хятадын банкнаас зээлэх гэрээг хэд хоногийн өмнө байгуулж байгаагаас нь харж болно.
 
Монгол Хүн өөрөө эх орондоо эзэн байж баялгаас баялаг бүтээдэг, түүнийхээ үр шимийг хүртдэг болсон цагт л хөгжил ярих цаг хэдийн болжээ.
 
    Монгол Улс хүн амын ажилгүйдлийн түвшингээрээ ч шилжилтийн орнууд дотроо хамгийн өндөр байгаа төдийгүй хүн амынхаа дундаж наслалтаар Монгол Улс хамгийн доогуур түвшинд яваа нь Дэлхийн банкны сайт дахь тайлангаас харагдаж байна. Төрийн эдийн засгийн бодлого нь маш муу байсны нотолгоо нь Монгол Улсад сүүлийн 4 жилд инфляцийн түвшин хамгийн хурдтай өссөн явдал юм. Улс төрийн намууд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө эдийн засгаа золиослосоор ирлээ. Намынхаа сонгуулийн зардалд зориулж “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд улсын томоохон үйлдвэрүүд, гаалийнбайгууллага хүртэлтэрбум тэрбумаар нь мөнгө олж өгдөг практик газар авсан. МАН-ын хувьд энэ ажиллагаа бүр эрчимжиж, хэн их мөнгө өгсөн гишүүдээ жагсааж байгаад дэд сайд, яам агенлагийн дарга нараар тавьж эхэллээ. 2010 оноос хүн амд бэлэн мөнгө тарааснаар инфцляци газар авч,макро эдийн засгийн тогтворгүй байдал үүсээд байна.  Монголын эдийн засаг нь хэт улстөржсөн, жам ёсоороо хөгжих нөхцөл муутай эдийн засагнэгэнт болжээ. Төрийн төсөв,санхүүгийн бодлого нь бүхэлдээ сонгуулийн амлалтыг урьтал болгосонбодлогодхувирсан.Өөрөөр хэлбэл сонгуулиаргарч ирсэн нам, эрх баригчдын 4 жилийн хугацаатай бодлогоор тодорхойлогддог болсон бөгөөдэдийн засгийн хөгжлийн урт хугацааны уламжилсан бодлого огт байхгүй байна.
 
Бидэнд байсан боломж:
 
   Монгол улсын баялаг сүүлийн хэдэн жилд дэлхийн уул уурхайн аврага том компаниуд, өндөр хөгжсөн орнуудын засгийн газрын анхаарлыг татах боллоо.Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар монгол хүн бүрт хэдэн саяар тоологдох  долларын хөрөнгө оногдохоор их баялагтай гэдгээ саяхнаас хэн хүнгүй мэдлээ. Байгалийн асар их баян ордууд мөнгийг шуудайлах боломж олгодог онцлогтой учраас гадны улс орныхны шуналыг татаж, бүгд л баялагаас ахиухан хувь хүртэх аянд морддог. Тэгэхдээ баялагийг ухаж гаргаад, зарахаас ч бүр өмнө нөөцийн үнэлгээ,  энэ нөөцийг ашиглахад эдийн засгийн хувьд ашигтай юмуу үгүй юу (ТЭЗҮ) гэдгийг тодорхойлж чадсан  бол олон улсын санхүү, хөрөнгийн зах зээлд гарган сурталчилж, хэдэн зуу, хэдэн мянга дахин нугалах хэмжээний мөнгө босгодогт (IPO) оршино. Ийм учраас л байгалийн баялагийг ашиглах эрхийн төлөө тэд үхэн хатан зүтгэдэг. Дараа нь баялгийг маань түүхийгээр нь дэлхийн зах зээлд байхгүй хямд үнээр авч гарах нь тэдний зорилго. Харин боловсруулах үйлдвэр барихын төлөө үхэн хатан зүтгээд байгаа гадныхан, тэдний хамсаатан болсон олигархууд харагдахгүй байна.Яагаад гэвэл тэр үйлдвэрүүдийг бариулж, Монгол улсын бүх иргэдийн амьдралыг дээшлүүлж “даврааж” болохгүй л байхгүй юу.
 
  Үндсэн хуулиар ард түмний өмч гээд заачихсан баялаг ийм замаар хэдхэн гэр бүлийн хэмжээгүй баяжих хэрэгсэл болж, нөгөө талд нь ард түмэн өдрөөс өдөрт ядууран хоосорч байна. Байдал ийм байхад бид “хөөрхийдөө энэ муу жаахан шуналтай нөхөр байгаа юм ” гээд өрөвдөөд сууцгаах уу?
 
   Бидэнд баялаг байхад тэд хөрөнгө оруулалтаа хийж харилцан ашигтай хамтран ажиллахад болох л байлаа. Гэтэл ашиглалтын зөвшөөрөл нэрийн дор бүх эрхийг нь гадаадынханд өгчихдөг хамгийн олиггүй хувилбарыг манай орны эрх баригчид сонгосон. Манай Монголын баялагийг ашиглах эрх олж авсан гадаадын 22 компани олон улсын биржүүд дээр хувьцаа гаргах замаар 30 гаруй тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй компанитай болцгоожээ. Гэтэл Монгол улсын хувьд төмөр зам, авто зам, цахилгаан станцууд, дамжуулах шугам, боловсруулах үйлдвэрүүд барих, эрүүл мэнд боловсрол, орон сууцжуулалт гээд бүхий л асуудлаа шийдвэрлэхэд 35-42 тэрбум доллар хэрэгтэй гэсэн тооцоо хийгдсэн байдаг!
 
   Дэлхийн хамгийн том алт зэсийн орд гэж тооцогдож байгаа Оюутолгойн ордыг ашиглахаар “Рио тионто” монголтой луйврийн гэрээ хийсэн. Ордыг ашиглах хамтарсан компани байгуулахдаа ямар ч хөрөнгийн биржид бүртгэгдэхгүй хаалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани байхаар гэрээндээ заасан учраас дээр хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гарах үед олдог олон тэрбумын орлого Монголын хувьд ямар ч хамаагүй болж хувираад Оюутолгой ХХК-ийн хувьцааны 64 хувийг эзэмшдэг толгой компанийн хувьцааны үнэ л өссөн. Энэ өсөлтөөс 10 орчим тэрбум долларын орлого олсон гэсэн тооцоо байдаг. Монголын тал байгалийн баялагаа ашиглуулж байгаа мөртлөө нэг ч ширхэг хувьцаа үнэгүй эзэмшихгүй. Өөрт ногдох 34 хувийн хувьцааныхаа үнийг төлнө, гэхдээ өөрөө төлөх эрхгүй, заавал Айванхоугаас төөрөгдүүлэх зорилготойгоор гаргасан өсгөж тооцох хүүтэй зээл авч төлнө. Үүнийхээ хүүг улирал бүр ногдол ашиг нэрээр төлнө. Түүнчлэн сар бүр нийт зарцуулалтын 3 хувьтай тэнцэх хөлстэй зөвлөх баг Айванхоугаас авч ажилуулах ба борлуулалт хийгээд эхэлчихвэл сар бүр 6 хувь болж өснө. Мөн тоног төхөөрөмж бусад бэлтгэн нийлүүлэлтийг Айванхоу хийнэ.
 
   Монгол ажилчид авч ажилуулах тухайд бол нийт цалингийн санд монголчуудын эзлэх хувийг биш, ажиллагсдын тоонд эзлэх хувийг заасан учраас монголчуудыг өчүүхэн цалингаар ажиллуулах боломжийг тэдэнд нээж өгсөн. Иймэрхүү байдлаар монголын баялаг дээр босгосон мөнгөө буцааж өндөр хүүтэй зээл хэлбэрээр шахаад, дээр нь тоног төхөөрөмж, өөрийн зөвлөхийн баг гэх мэт болох л юм бүхнийг хаана ч байхгүй өндөр үнээр шахах луйврын гэрээ учраас бид эндээс юу ч хүртэхгүй.  Таван толгойн хувь заяа ч энэ замаар л орж байна. Дээрээс нь ямар ч төмөр зам дэд бүтэц, хот байгуулалт байхгүй. Нөгөө муу нэртэй оросууд чинь Эрдэнэтийн овоог ашиглахдаа Эрдэнэт гэж ямар сайхан хот байгуулж байлаа. Харин Оюутолгойд бага оврын цахилгаан станц ч барихгүй гэж мэдэгдсэн байна. Ийм гэрээг байгуулсан хүмүүс хуулийн өмнө шүүгдэх учиртай. Эдийн засгийн алуурчдын гарт өртсөн ядуу орнуудын эмгэнэлт түүхээс харахад аль болох олон хүн ажилгүй, бэлэн мөнгө хардаг сэтгэлгээнд сурсан, оюуны доройтолд орсон, архи, хар тамхинд донтсон, янхандалт, гэмт хэрэг гаарсан  байх нь авилгад идэгдсэн олигархууд, тэдний гадаад эздэд хэрэгтэй байдаг байна. Бид одоо ийм л замаар замнаж явна. Энэ бол “баялгийн хараал”. Энэ засгийн газар нь гадны луйварчидтайгаа хамтран, мөдхөн бид баялагийнхаа үр шимийг хүртэж эхлэх гээд байгаа тухай эцэс төгсгөлгүй тархи угааж, тийм ч төсөл, ийм ч хөтөлбөр боловсруулчихсан ирэх жилээс, сонгуулийн дараанаас хэрэгжиж эхлэх тухай ярьж, 2030 он гэхэд ДНБ 40,000 доллар хүрэх тухай үлгэр “хүүрнэнэ”.  Амлалт бас дахин амлалт?! Бүтээн байгуулалт  харин байхгүй.
 
Одоо яах вэ?!
 
Монголын ард түмэн хэдий болтол өнөөгийн засаг төрийн “уянгын халилтай” үзэл сурталд тархиа угаалгаж, тэмцэх чадваргүй явах вэ. Бид ирэх сонгуулиар төрд “буг” мэт оршсон олигархуудыг Засгийн эрхээс зайлуулж чадна гэдэг юу л бол. Тэд сонгуулийг луйвардах бүхий л аргыг “мэргэжлийн өндөр түвшин”д хэрэглэх нь мэдээж. Гудамжинд гарч буу шийдэм барин тэмцэхээсээ өмнө эдийн засгийн хувьсгалд нэгдэх тухай бодох ёстой. Монголчууд бид түүхий эдээ түүхийгээр нь гаргахын сул талыг ойлгож эхэллээ.Хэрвээ төр засаг нь үүнийг хийхийг хүсэхгүй, эсхүл хийж чадахгүй байгаа бол монголын ард түмэн бид эдийн засгийн боломж, ашиг сонирхлоо нэгтгээд үүнийг хийж чадна. Эдийн засгийн боломжоо нэгтгэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хувьцаа худалдан авах замаар хөрөнгө оруулж, хамтарсан компани байгуулна гэсэн үг. Бидний байгуулсан компанийн маань үйл ажиллагаа ил тод, нээлттэй, сайн засаглалтай байх ёстой. Ард түмний өргөн оролцоотой компани байгуулж чадвал эдийн засгийн шууд болон шууд бус олон ашиг бий болно.    
 
Үүний заримаас дурьдвал:
 
Бид Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос их юм хүлээж байгаа. Сайншандын цогцолбор ашиг лалтад орвол тэнд Нүүрс химийн үйлдвэр, газрын тос боловсруулах, зэс хайлуулах, ган болон төмөрлөгийн үйлдвэр босно. Энэ бол Монголыг түүхий эдийн хангамжийн бааз биш үйлдвэрлэгч улс гэдгийг дэлхий дахинд нотлох амин чухал хэрэгцээ юм.Энэ цогцолбор ашиглалтанд орвол аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 57 хувьд хүрнэгэсэн тооцоо бий. Бид энэ үүнд хөрөнгө оруулж, хувь эзэмшинэ. Ингэснээр хамгийн орчин үеийн техник, технологи эзэмшсэн өндөр мэргэшилтэй инженер техникийн ажилтан, оператор ажилчид ажиллах өндөр цалинтай ажлын байр олноор бий болох боломжтой. 50,000 ажлыг байр шинээр гарч ирэх тооцоо байгаа. Үүнд бүх шатанд монгол хүнийг ажиллахад нөлөөлнө. Бүхэл бүтэн аж үйлдвэрийн цогцолборыг дагасан дэд бүтэц, үйлчилгээний салбар бий болж, тэнд ажиллах компаниуд тэдний ажилчид ажилтай орлоготой, өндөр цалинтай болно.Эрдэнэт, Дарханаас том хот сүндэрлэн босно. Ард иргэд хувьцаанаасаа өндөр ашиг олно. Монголын эдийн засаг сэргэн хөгжсөнөөр монгол хүн бүрийн амьдралын чанарт том дэвшил гарч, монгол хүний үнэлэмж дээшилнэ.
 
Мөн Эрдэнэс МГЛ хэмээх төрийн өмчтэй компани бий. Монголын стратегийн бүх ордуудын лицензийг эзэмшдэг дэлхийд хамгийн баян компани болох боломжийг эзэмшдэг компани. Бид монголын ард түмний дийлэнх хэсгийг компанидаа нэгтгэж чадвал, өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч болгож чадвал “Эрдэнэс МГЛ” компанийг өөрчлөн байгуулах асуудлыг ч ард түмнийхээ тусын тулд шийдвэрлэхэд оролцох боломжтой. Энэ үнэтэй цэнэтэй гэрээ зөвшөөрлүүдийг үндсэн хуульд заасны дагуу баялагийн эзэн нь болох монголын ард түмний хамтын компанид өгөөч гэсэн санал тавих болно. Үүнээс ямар ч “эвэртэн туурайтан” бултах аргагүй.
 
Бид хүчээ нэгтгэн, баялгаа түүхийгээр нь гадагш хямдаар зөөх биш дотооддоо нэмүү өртөг шингэсэн эцсийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө үхэн хатан тэмцэж үр дүнд хүрсэн цагт л Монгол улс хөгжиж, иргэдийн амьжиргаа дээшилнэ.
 
Төрөөс төрсөн тэрбумтнуудыг “өрөвдөж” амьдрах уу эсвэл өөрсдийн ирээдүйг “өрөвдөж” хөдлөх үү шийдэх цаг болжээ.  Өрөвдөх үү? өөрчлөх үү? Энэ асуулт бидэнд сөнөх үү сэхэх үү гэж сонсогдож байна. Харин танд?

Leave a Reply