Monday, March 26, 2012

Марлон Брандогийн бахархал


Америкийн бүх цаг үеийн хамгийн агуу жүжигчин болох Марлон Брандо насан эцэслэхээсээ хоёр жилийн өмнө буюу 2002 онд найруулагч Спайк Лигийн “25 цаг” хэмээх киноны нээлтэнд уригдан очиж хүндэт суудлаас үзсэн гэдэг.
Найруулагч америкийн кино урлагийн амьд домгийг хүндэтгэн дэргэд нь сууж үзэхдээ өвгөний амнаас “Ноён Спайк таны энэ жүжигчин өөрийнхөө биений гадна оршиж харин сэтгэл оюундаа хоёр дахь бие хүнийг хиймлээр бий болгох мэт гайхалтай дүрээ бүтээх юм” хэмээх үгсийг сонсоод тун сэтгэл хангалуун суусан гэдэг.
Уншигч та хэний тухай яриад байгааг хэдийнэ ойлгосон биз ээ. Үнэхээр Холливуудын од, авьяаслаг жүжигчин Эдвард Нортон нь домогт Марлон Брандогийн тэр болгон жүжигчдэд олддоггүй магтаалыг хэдэнтээ хүртэж амжсан азтан.

Марлон Брандо Эдвард Нортон хоёр 2001 онд “Тооцоо” хэмээх кинонд хамтран тоглосон. Энэ кино Брандогийн хамгийн сүүлчийн кино байсан билээ. Сүүлийн кинондоо дүр бүтээж байх үедээ Брандо мөн хамтран тоглосон Роберт Де Нирод “Эдвард бол байгалиас заяасан жүжигчин хүн юм, түүний мэдрэмжийг би бахдаж байна” хэмээж байжээ. Түүний талаар Вашингтон Пост сонины цахим хуудсанд Жон Кэмпбеллийн бичсэнийг дор сийрүүллээ.

Эдвардын жүжигчний агуу авьяасыг дан ганц Марлон Брандо анзаарсан юм биш. Түүнийг кино урлаг сонирхогч хүн бүр хайрлан хүндэлдэг. Тэрбээр маш их нэр хүндтэй, бүтээдэг дүрүүд нь кино шүүмжлэгчдийн сайшаал магтаалыг харамгүй хүртдэг.
Нортон дүрүүдээ хүний сэтгэл зүрх, ой тойнд нь хадгалагдан үлдтэл гайхалтайгаар бүтээдэг. Түүнийг нэрт кино найруулагчид болон кино шүүмжлэгчид харцаараа дүрээ илэрхийлдэг хэмээдэг.
Нортоны бүтээсэн дүрүүдийг ажиглаад байхад үнэхээр түүний харц нь гайхалтай. Тэрбээр харцаараа дотоод сэтгэлээ бүрэн илэрхийлж чадахын гайхамшгийг дэлгэцнээ харуулдаг бөгөөд түүнээс өөр ямар ч жүжигчин иймэрхүү харцны тоглолтыг бүрэн гүйцэд илэрхийлж чаддаггүй. Түүний фэнүүд нь өвөрмөц төрх, бие хаа сайхан царай бүхий бусад оддоос илүүтэйгээр харцыг нь шүтдэг хэмээн ярицгаадаг.
Түүний бүтээлүүдээс хамгийн оргил хэсэг буюу Холлиувуудын од Брэд Питттэй хамтран тоглосон “Тулаанчдын клуб” кинонд тэрбээр үнэхээр кино урлагийн шинэ үзэгдлийг дэлгэцнээ харуулсан хэмээгддэг.
Түүнийг дээр хэлсэнчлэн өөрийн биеийн гадна оршиж сэтгэл оюунаа хөндлөнгөөс удирдаж буй мэт жүжиглэлтийг найруулагч энд бодитоор нь үзүүлж чадсан нь киног гайхалтай амжилтанд хүргэсэн билээ. Түүний гайхалтай чимхлүүр дүрүүдээрээ бүтээлчиддээ асар их ашиг орлого амжилтыг авчирсан олон киног нэрлэж болно.
“Улаан луу”, “Америкийн нууц түүх”, “Илбэчин”, “Фрида”, “Ард түмэн Ларри Флинтийн эсрэг”, “25 цаг”, “Диваажингийн эзэнт гүрэн” зэрэг бид бүхний сайн мэдэх киноны нэрс энд уртаар үргэлжилнэ.
Түүнийг кинондоо тоглуулах санал найруулагчдаас өч төчнөөнөөрөө ирж Нортоны ажлын ширээг булаастай байдаг. Тэрбээр ч өөрөө тэдэн дундаас яах аргагүй гайхалтай сонголтыг хийж ер бусын авьяасаа илтгэн харуулах дүрүүдийг шүүрч авдаг.
Түүний бүтээсэн дүрүүдийг анзаарч ажиглаваас дандаа л ямар нэг хөндүүр сэдвийг нийгмийн олон түмэн асуудлууд дундаас суга татан гаргаж ирж чинээнд нь тултал илэрхийлдэг, сэтгэлзүйн янз бүрийн үйлдлүүдийг үзэгчдийг хүнд цохилтонд ортол үзүүлдэг болохыг мэдэж болно.
Хэдийгээр түүний аав ээжийн аль алиных нь талд урлагийн хүмүүс байгаагүй ч авьяас зөвхөн удамшдаггүй гэдгийг тэр биеэрээ баталсан биш гэж үү. Хар багаасаа л урлагт элэгтэй нэгэн болон өсөж хүмүүжсэн нь 5 настайдаа урлагийн дунд сургуульд элсэн орж наймтайдаа анхны драмын жүжигтээ дүр бүтээж байсныг нь харахад илхэн. 1991 онд жүжигчний мэргэжил албан ёсоор эзэмшин сургуулиа дүүргээд драмын театрт зовлонгүй ажилд орсон гэдэг.
Театрын тайзнаа тэрээр хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн ч тэрбээр өөрөө кино урлагт бие сэтгэлээ зориулахаар шийдсэн байлаа. Түүний Холливудын карьер 1996 оноос эхэлсэн гэж үздэг. Энэ нь түүний үеийн Холливуудын од жүжигчидтэй харьцуулахад тун хожим хойно гэж дүгнэх хэрэгтэй. Гэвч тэр нэг ч кинонд амжилтгүй дүр бүтээсэн хэмээх зэмлэл сонсож үзээгүй нь л гайхалтай биш гэж үү. 1996 онд өмнө нь телевизийн “Симпсон” цувралд дүр бүтээж байсныг нь эс тооцвол анхны кино буюу “Эхний айдас” хэмээх кинонд нэрт жүжигчин Ричард Гиртэй хамт дүр бүтээлээ. Мэргэжилтнүүдийн зүгээс тун давгүй хэмээх үнэлэлтийг тэрбээр ядах юмгүй авсан.
Улмаар энэ кинонд бүтээсэн дүрээрээ олон улсын хэмжээний 5 кино наадмаас шагнал хүртсэн ба хамгийн чухал нь “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг туслах дүрийн шагнал байсан. Харин энэ бол дөнгөж эхлэл байлаа.
Тэр ондоо Нортон америкчуудыг бишрүүлж “Ард түмэн Ларри Флинтийн эсрэг” хэмээх гайхалтай киног дэлгэцнээ гарахад асар том үүрэг гүйцэтгэв. Жилийн сүүлээр “Бүгд би чамд хайртай гэж хэлдэг” хэмээх Вүүди Аллены мюзикл кинонд Дрью Бэрримор, Натали Портмэн, Жулиа Робертс, Тим Рот нартай хамтран тоглосон.
үүлд дурдсан хоёр кино хоёулаа тэр ондоо энд тэндхийн хамаг шагналуудыг түүсэн гэж хэлж болно. Ялангуяа Нортон хамгийн өндөр амжилтыг үзүүлж хоёр киногоор хоёулангаар нь 6 кино наадмаас шилдэг туслах дүрийн жүжигчний шагналыг хүртэж байв.
Энэ бол түүний амжилтын гараагаа даацтайхан эхлүүлсний илрэл байлаа. 1998, 1999 он түүний уран бүтээлийн гайхалтай үе байлаа. 1998 онд “Америкийн нууц түүх” кинонд хэт үндсэрхэг үзэлтэн Деррик Виньярдын дүрээр үзэгчдийг байлдан дагууллаа.
Түүний эрс өөрчлөгдсөн дүр төрх үзэгчдийг алмайруулж тэр ондоо Оскарын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “Амьдрал сайхан” киногоороо хүртсэн Роберт Бениньигийн гол өрсөлдөгч болсон гэдэг. Дараа жил нь түүний одоо хийгдсэн бүх уран бүтээлээс нь хамгийн оргил нь хэмээн тооцогддог “Тулаанчдын клуб”-ээ дэлгэцнээ амилууллаа. Түүнээс хойш тэрбээр олон кинонд тоглож толгой эргэм амжилтад хүрсэн ч “Тулаанчдын клуб”, “Америкийн нууц түүх” хоёроо дахин давтаж чадаагүй л байгаа. 2002 онд түүний уран бүтээлийн олз омог арвин байлаа. Тэрбээр дөрвөн ч киноны гол дүрийг бүтээж амжсан. Түүний дунд алдарт “Улаан луу”, “25 цаг” хоёр байлаа.
2005 онд “Диваажингийн эзэнт гүрэн” кинонд тэрбээр тун сонирхолтой дүр бүтээсэн. Учир нь түүний бүтээсэн дүр нь уяман өвчний улмаас хүн харахын аргагүй болсон аймшигт нүүр царайтай учраас насаараа төмөр баг зүүж амьдарсан эзэн хааны дүр байлаа.
Нортон киноны турш төмөр багны цаана жүжиглэсэн. Зарим өнцгөөс харахад багтай жүжиглэхэд хэдийгээр амар мэт санагдах боловч харин ч нүүрний хувирал, харц зэргээрээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэн гаргах боломжгүй учир Эдвард Нортонд томоохон шалгуур болсон гэдэг.
Гэсэн ч тэрбээр шалгуурыг гайхалтай давж төмөр нүүртний сэтгэлзүйг дэлгэцнээ гайхамшигтай амилуулсан гэлцдэг. Дараа жил нь буюу “Илбэчин” хэмээх онц сонирхолтой кинонд тэр бас л өвөрмөц сэтгэлзүйн илэрхийлэл гаргасан, бага ярисан дүр бүтээсэн. Мөн л толгой эргэм амжилт дагуулсан бүтээл байлаа. 2008 онд тэр дүрийн сонголтоо эрс өөрчилж Марвелын баатар аварга биет Халкын дүрд орлоо.
Бас л гайхалтай. Тэр цагаас хойш Нортон нэлээд кинонд тоглосон ч яагаад ч юм өмнөх амжилтуудаа давтаж чадаагүй.
Түүний уртай жүжигчин бүхэн бүтээчихээд байдаггүй чимхлүүр нарийн дүрүүд хэвээрээ байлаа. Харин бусад дүрүүд болон найруулагчийн шийдэл гол цэгтээ тусаагүй хэмээн тайлбарлагдах шүүмжлэгчдийн тайлбартайгаар түүний уран бүтээлийн энэ хэсэг хугацааг завсарлага хэмээн нэрлэх нь ч бий.
Хамгийн сүүлд Нортон эртний уран бүтээлийн анд хуурай ах Роберт Де Ниро болон гайхалтай бүсгүй Мила Йововичтэй “Стоун” хэмээх сэтгэл зүйн триллерт гол дүр бүтээгээд байгаа билээ. Харин энэ жил түүний туслах дүр бүтээсэн “Жек  ба Жилл” хэмээх кино дэлгэцнээ гарна. Энэ киноны бүрэлдэхүүн тун онцлог.
Гол дүрд нь Адам Сэндлер тоглосон бол түний хамтрагчид нь Шакил О Нил, Аль Пачино, Кэти Холмс, Эдвард Нортон нар байх аж. Гэхдээ Эдвард өдгөө 41 настай. Хийж бүтээхийн ид оргил насандаа явж байгаа Холливуудын цул авьяас гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Юу гэх гээд байгааг минь уншигч авхай та нар ойлгосн буй за.
Эдвард Нортон 1969 оны наймдугаар сарын 18-нд АНУ-ын Балтимор хотын ойролцоо Мэрилэндэд мэндэлсэн. Сонирхуулахад түүний дотны анд Холливуудын од Кристиан Слэйтэр түүнтэй нэг оны нэг сарын мөн нэгэн өдөр мэндэлсэн түүхтэй.
Слэйтер энэ талаар нэгэн удаа “Би Эдвард Нортонтой нэг цаг хугацааны тохиолд хамт хорвоод ирсэндээ туйлын баяртай байдаг. Яг ийм тохиолдол Холливуудад лав байхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Гэвч нэг адил хугацаанд төрсөн мөртлөө бурхан түүнд харамгүйгээр хавьгүй илүү авьяас заяасан гэж би бодож явдаг шүү” хэмээсэн байдаг.
Сэтгүүлч түүнээс саваагүйтэн та хоёрын тэгээд хэн нь ах вэ гэж асуухад би түүнээс арай ахимаг харагддаг бололтой, хүмүүс л тэгдэг юм гэсэн гэдэг.
Эдвард Нортоны хувийн амьдрал бусад оддынхоос нилээн нууцлагдмал.
Тэрбээр 1996-1999 онд рок дуучин Кортни Лавтай хамт амьдарч байсан бол удаад нь 1999-2003 онд Холливуудын од Салма Хайектай амьдарсан. Одоогоор нийтэд зарлагдсан, “хардагдсан” найз бүсгүй түүнд байхгүй хэмээн хэвлэлийнхэн бичиж байгаа.
Нийт 69 кинонд их бага дүр бүтээж, 7 кинонд продюссер, 1 киноны ерөнхий найруулагч, 3 мюзиклд дуулсан Эдвард Нортоны биеийн өндөр 183 см. Тэр бэйсбол тун гарамгай тоглодог. Япон хэлээр төрөлх хэл шигээ ярьж сурсан.
Түүний бүтэн нэр Эдвард Жеймс Харрисон Нортон. Тэрбээр “Цэрэг Райныг аварсан нь” киноны Райны дүрийг, “Титаник” киноны гол дүрээс татгалзаж байснаар Мэтт Дэмон, Леонардо Ди Каприо нарт томоохон боломж олгож байсан хүн бүрийн мэдээд байдаггүй түүх бий. Нортон хүмүүнлэгийн арга хэмжээнд энд тэндгүй л оролцож явдаг Африкт марафонд оролцоно, Америкт хандивын тоглолтууд зохион байгуулна гэх мэтчилэн. Хаана хүмүүнлэгийн арга хэмжээ болно тэнд Эдвард Нортон гол хэсэгт нь байдаг. Тиймээс ч өнгөрсөн жил НҮБ-ын сайн санааны элчээр томилогдож Пан Ги Мунээс итгэмжлэхээ гардаж байсан.

Leave a Reply